О.Цогтгэрэл: Дэд сайдуудаа татахгүй бол Засгийн газрыг огцруулна 

2025-12-22 14:21:00

УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. 

Манай бүлэг өнөөдөр улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Та бүхний анзаарсанчлан дэд сайдтай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд нэлээд яригдаж байна. Гэхдээ АН-ын бүлгийн зүгээс дэд сайдын асуудал бол зүйрлэвэл мөсөн уулын орой л гэсэн үг. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд төрийг цомхон, илүү үр ашигтай, илүү бүтээмжтэй болгох ёстой гэсэн байр суурийг тууштай баримталж ирсэн. Ингэснээр хувийн хэвшил, иргэдийн оролцоо эдийн засагт нэмэгдэнэ гэж бид үздэг. Төсөв, төсвийн тодотголтой холбоотой бүхий л асуудал дээр төсвийг танах, зардлыг хэмнэх санал санаачилгыг АН бүрэн дүүрэн дэмжиж ажиллаж ирсэн.

Гэтэл сүүлийн долоо хоногоос дэд сайдын асуудал яригдаж эхэлсэн нь нэгдүгээрт, орон тоо болон удирдах албан тушаалтны тоо нэмэгдэж байгаа хэрэг.  Хоёрдугаарт, Монгол Улсад үнэхээр хэрэгцээтэй асуудал мөн үү гэдэг асуултыг хөндөж байна. Цомхон төр, төрийн өмчийг хувьчлах, олон нийтийн болгох гэсэн суурь зарчмын нэг илрэл нь дэд сайдын асуудал болж гарч ирж байгаа юм.

Тиймээс АН-ын бүлгийн зүгээс тодорхой байр суурь илэрхийлсэн. Үүнд, яамдын тоог цомхон болгох, дэд сайдын томилгоог цуцлах шаардлагыг Засгийн газарт тавьж байна. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Ардчилсан намын зүгээс Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ бид өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Өнөөдрийн бүлгийн хурал дээр би энэ асуудлаар дахин танилцуулга хийлээ. Одоогоор санал хураалт явуулаагүй, харин Засгийн газрыг огцруулах саналыг өөрийн бланк дээр өргөн барина гэдгээ илэрхийлсэн. Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ч мөн гишүүдэд танилцуулсан.

Мөн дэд сайдын асуудлаар товч түүхэн мэдээлэл өгье. 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр УИХ-аас Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, дэд сайдгүй ажиллана гэсэн зохицуулалтыг тухайн үед АН-ын Засгийн газар баталж байсан. Харин 2016 оны сонгуулийн дараа, МАН олонх болсны дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 21-нд Засгийн газрын тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, дэд сайдтай байна гэсэн заалтыг МАН оруулсан. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль энэ гэдгийг Ерөнхий сайд өөрөө ч хэлж байгаа.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.