“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-27 12:00:00

“Зүрх судасны үндэсний төв” байгуулах хэлэлцээрийг Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сард соёрхон баталсан. Үүний дагуу 2026 оноос барилга, бүтээн байгуулалтын ажил эхлэх “Зүрх судасны үндэсний төв” нь Монгол болон Люксембургийн Их Гүнт улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хамтын ажиллагааны бэлэг тэмдэг төсөл болох юм.

Улмаар түүхт ойн хүрээнд Люксембургийн Их Гүнт Улсын Парламентын Гадаад бодлогын Байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй парламентын гишүүд МУ-д айлчилж төслийн үйл явцтай танилцлаа.

Энэхүү “Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгох бөгөөд нэн хөнгөлөлттэй 34.9 сая ам.долларын зээлээр буюу нийт 60 орчим сая ам.долларын хөрөнгөөр 2026-2029 онд барьж дуусгана. Энэ дашрамд, 2002 оноос Люксембургийн Их Гүнт Улсаас 8 удаагийн буцалтгүй тусламжаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, тоног төхөөрөмжөөр хангах төслүүд хэрэгжсэн бөгөөд нийт 26 сая еврогийн тусламжийг үзүүлсэн юм.

“Зүрх судасны үндэсний төв” баригдсанаар зүрх судасны болон зүрх судсан дотуурх мэс засал, үзлэг, оношилгоо, яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний хэсэгтэй болж, эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Улмаар Улсын гуравдугаар төв эмнэлэгт 200 ортой зүрх, судсаар дагнасан орчин үеийн тоног төхөөрөмж бүхий үндэсний төв баригдана.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.