Төрийн саатал уу төлөвлөсөн нүүдэл үү? 

2026-03-27 12:35:00

Монголын улс төрийн тайзнаа сонирхолтой жүжиг тавигдсаар байгаагийн нэг нь энэ хаврын улсын их хурлын чуулган нээснээс хойш огт хуралдаагүй нь эрх мэдлийн төлөөх гүн гүнзгий, нарийн тооцоолсон өрсөлдөөн байж болзошгүй гэж хардаж байна.  Анхнаасаа тооцоолсон тоглоомын гол дүр нь УИХ-ын дарга  Н.Учрал бөгөөд одоо болж байгаа сөрөг хүчний идэвхжил, чуулганы гацаа зэрэг түүний том зорилгын нэг хэсэг мэт харагдах болов.

Өнөөдрийн нөхцөл байдалд УИХ-ын чуулган удаа дараа хуралдаж чадахгүй, төрийн ажил гацаж, улс орны чухал шийдвэрүүд хойшлогдсоор байгаа, сөрөг хүчний гэнэт эрчимжсэн эсэргүүцэл, бойкот, жагсаал цуглаан нь өөрөө бие даасан хөдөлгөөн үү, эсвэл далд тохироо, ашиг сонирхлын огтлолцлын үр дүн үү?

Одоо хамгийн ойлгомжтой харагдаж буй дүр зураг бол Г.Занданшатарыг Ерөнхий сайдын суудлаас буулгаж одоогийн УИХ-ын дарга Н.Учрал нам Засгийн тамгыг зэрэг атгах санаатай байх шиг.   Харин Г.Занданшатар дараагийн Ерөнхийлөгчийн суудалд суухдаа бэлдэх тохироотой. Яг л ковидын үеийн "таавчиктай" эмэгтэйн хэрэг шиг. 

Тиймээс улаан цагаан тохироогоо мэдэгдэхгүйн тулд хамгийн “зөөлөн” бөгөөд шууд бус арга төрийн үйл ажиллагааг гацаах аргыг сонгожээ. Чуулганыг хуралдуулахгүй байх, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох, олон нийтийн дургүйцлийг өдөөх замаар Ерөнхий сайдын байр суурийг ганхуулах нь хамгийн хялбар арга. 

Сөрөг хүчний хувьд ч энэ тоглоомд оролцох сонирхол бий. Тэд эрх баригчдыг сулруулах, өөрсдийн улс төрийн жинг нэмэгдүүлэх боломжийг алдахыг хүсэхгүй. Гэхдээ энэ нь заавал тэд бие даан ийм алхам хийж байна гэсэн үг биш. Улс төрийн түүхэнд “дайснуудын түр эвсэл” гэдэг зүйл цөөнгүй тохиолдсон.

Хамгийн ноцтой нь  хэрэв энэ бүхний цаана үнэхээр тохироо байгаа бол Монголын ардчиллын суурь зарчимд ноцтой цохилт өгнө. Ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ нь зориудаар саатуулагдаж, эрх мэдлийн төлөөх далд тоглоомын хэрэгсэл болж хувирна гэдэг бол тун аюултай дохио.

Эцсийн асуулт бол энэ бүхэн үнэхээр зохион байгуулалттай юу, эсвэл зүгээр л улс төрийн давхцал уу? 

Хариулт одоогоор тодорхойгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байна. Монголын улс төрд ил тод байдал, хариуцлага, ёс зүй үгүйлэгдэж байгаа энэ үед иймэрхүү хардлага өөрөө үүсэх боломжтой орчин бүрдсэн байна.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.