Урьдчилан сэргийлэх, хяналт тогтоох бодит алхмуудыг яагаад эсэргүүцээд байдаг юм бэ?

2026-03-03 17:47:00

Сүүлийн үед зочид буудлаар үйлчлүүлсэн иргэдийн мэдээллийг бүртгэдэг шийдвэр олон нийтийн анхаарлын төвд орж, маргаан дагуулж байна. Үнэндээ өнөөдрийн нийгэмд гарч буй ноцтой гэмт хэргүүд далд орчинд, тэр дундаа зочид буудалд үйлдэгдэж байгааг үгүйсгэх аргагүй. 

Бэлгийн хүчирхийлэл, хууль бус мөрийтэй тоглоом, хар тамхи, хүний амь насанд халдсан хэргүүд ч ийм орчинд үйлдэгдэх тохиолдол их гарч байна. Энэ бол бидний нүднээс далд боловч бодитоор оршиж буй асуудал.

Ийм нөхцөлд мэдээллийн нэгдсэн бүртгэл бий болгох нь хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ. Хоёрдугаарт, хэрэг гарсан тохиолдолд шуурхай илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг хөнгөвчлөх ач холбогдолтой. Гуравдугаарт, хариуцлагын тогтолцоог сайжруулж, зочид буудлуудын үйл ажиллагаанд тодорхой стандарт тогтоох нөхцөл бүрдэнэ.

Нийгмийг цочроосон, айдас төрүүлсэн гэмт хэрэг гарахад бид бүгд “барьж хорь, шалга, мөрд” гэж шаарддаг. Гэтэл  урьдчилан сэргийлэх, хяналт тогтоох бодит алхмуудыг яагаад эсэргүүцээд байна вэ?

Асуудлын гол нь зөвхөн эсэргүүцэх, эсвэл шууд дэмжихдээ биш юм. Харин тэнцвэрийг олох нь чухал. Иргэдийн эрх, нууцыг хамгаалахтай зэрэгцэн олон нийтийн аюулгүй байдлыг хангах ухаалаг шийдэл хэрэгтэй байна.

 Эцэст нь хэлэхэд, зочид буудлын бүртгэлийн системийг зөв хэрэгжүүлбэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах боломжтой. 

Эцэст нь хэлэхэд ганц цагдаа л хүний РД аваад хувийн мэдээлэл үзээд байгаа биш байх аа. Адаглаад зээлийн аппруу ороход л РД бичдэг. Цаашлаад нэг зээл авахдаа өөрийн байтугай өрөөлийн 3 хүний мэдээлэл өгдөг биздээ. Эмнэлгийн цаг авахдаа, хилээр гарахдаа гээд алхам тутамдаа хувийн мэдээллээ өгдөг байж буудал орохдоо л мэдээллээ нууц гэдгийг мэдээ юу?


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.